Monday, November 25, 2013

Амьдралын үнэ цэнэ с/өгүүллэг/

Амьдралын үнэ цэнэ Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч “Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй” гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв .

Уучлах гэдэг ухааных/сургамжит өгүүллэг

”Уучлах гэдэг ухааных” /Сургамжит өгүүллэг/ Дунд сургуулийн багш сурагчдадаа нэгэн туршилтанд оролцохыг хүсч байгаа эсэхийг нь асууrдлаа. Мэдээж энэ нь амьдралын гэсэн тодотголтой байсан нь хүүхдүүдийн сонирхлыг ихэд татсан учраас тэд ч дуртай нь аргагүй зөвшөөрөв. Тэгвэл багш хүүхэд бүрийг маргааш нь 5кг төмс, 1 гялгар уут авчрахыг даалгавар болгоход хүүхдүүд чухам яах гээд байгааг нь огт ойлгосонгүй ч маргааш нь хүүхэд тус бүрийн ширээн дээр төмс болон гялгар уутнууд бэлэн болсон байв.Багш ангируу ороод өөр рүү нь асуусан нүдээр харах сурагчиддаа “За одоо та нар өнөөдрийг хүртэл үзэн ядаж явдаг хүмүүсийнхээ нэрийг нэг нэг төмсөн дээр бичээд тор руугаа хий” гэж хэлэв. Ийн хэлээд удаа ч үгүй байтал зарим хүүхдийн торонд хэдхэн төмс орсон байхад заримынх нь бүр дүүрэн болсон харагдана. Ингээд бүх хүүхдүүд торонд төмсөө хийж дууссаны дараа багш нь: “Одоо та нар наад төмстэй тороо хаа явсан газраа авч яв. Унтахдаа орныхоо хажууд тавь, автобусанд суухдаа, тэр ч байтгуай хичээлдээ ирэхдээ хүртэл авч ирээрэй” гэж хэлэв. Энэ өдрөөс хойш долоо хоног өнгөрөв. Ингээд тогтосон хугацаа болж багшийг ангид орж ирэв үү үгүй юу л “Багшаа ийм хүнд ачааг үргэлж барьж явах надад хэцүү байна, багшаа төмснүүд ялзарч эхэлсэн, би залхаж ядарч байна” гэх зэрэг үргэлжилсэн их гомдол тавьжээ. Гэтэл багш нь инээмсэглэн байж “Аливаа хүнийг уучлахгүй байх нь тэднийг бус өөрийгөө шийтгэж байдаг гэдгийг та нар ойлгосон гэж бодож байна. Ингэснээрээ бид өөртөө л хүнд ачаа үүрдэг. Ер нь эцэст нь хэлэхэд бусдыг уучлана гэдэг бол чиний өөрөө өөртөө хийж байгаа сайн зүйл юм ” гэж хэлжээ.

хүүхдийн цагаахан сэтгэл с/өгүүллэг

ХҮҮХДИЙН ЦАГААХАН СЭТГЭЛ Тэр өдөр цаг агаар их муу байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байв. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа. Цахилгаан хүчтэй цахилж нүргэлдсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран "Охин минь замдаа явж байгаад айх вий дээ" гэж бодон машиндаа сандмэнд яаран суугаад охиныхоо араас гарав. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харлаа. Охин ойрхон ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөж очив. Тэгээд "Үр минь энэ аймаар бороонд ганцаараа явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч!" гэв. Тэгэхэд охин: "Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна" гэжээ.

бүх хайраа гэр бүлдээ өгүүллэг

2013 оны 5 сарын 3 @Бүх хайраа гэр бүлдээ Нэг залуу томоохон компанийн менежерийн ажилд орохоор ярилцлаганд оржээ. Компаний захирал залуугийн танилцуулга бичиг баримтуудыг судалж байснаа -Сурч байх явцдаа ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байсан уу? -Үгүй. -Аав чинь төлбөр төлдөг байсан уу? -Үгүй. Аав минь намайг нэг настай байхад өөд болсон. Ээж л төлдөг байсан. -Ээж чинь юу эрхэлдэг хүн бэ? -Насаараа гэрээрээ хүмүүсийн хувцас угааж мөнгө олдог. Захирал залуугийн булбарай зөөлөн цэвэрхэн гарыг хараад: -Та ээждээ хааяа тусалдаг уу? -Үгүй ээ. Ээж минь намайг сайн сур, хичээлдээ анхаар л гэдэг юм. -За тэгвэл өнөөдөр хариад ээжийнхээ гарыг угааж өгөөд, маргааш ирээрэй... гэлээ. Залуу ч ажилд орох магадлал өндөр байна даа хэмээн баярлаж, орой ээжийгээ гарыг тань угааж өгье гэхэд гайхсан ээж нь санаа зовонгуй гараа өглөө. Ээжийнхээ гарыг угааж зогсохдоо залуу анх удаа л ээжийнхээ гарыг ямар их үрчлээтэй, шарх сорвиор дүүрсэн болохыг анзааран нулимс унагалаа. Энэ л хоёр гар миний төлөө зүтгэж, энэ л хоёр гараар миний ирээдүй төлөгдсөндөө гэж бодохоос өр эмтрэн, залуу тэр өдөр үлдсэн бүх хувцсыг нь ээждээ угааж туслаад, шөнөжин нойр нь хулжсаар өглөө нь залуу захирал дээрээ очлоо. Залуугийн уйлж хавдсан нүдийг анзаарсан захирал: -Өчигдөр орой хариад юу сурав? -Ээж минь байгаагүй бол өнөөдөр энд ингээд зогсож байхгүй байснаа ойлголоо. Өчигдөр ээждээ тусалж байхдаа "Хүн зорилгодоо хүрэхийн тулд яаж хөдөлмөрлөх ёстойг, гэр бүлдээ бага ч болов туслах ёстой"-г ухаарлаа. -Сайн байна. Хүний хийснийг үнэлэх чадвартай, зөвхөн мөнгийг амьдралын зорилго болгоогүй ийм л ажилтан хайж байсан юм гээд залууг ажилд авлаа. Залуу хөдөлмөрч, найрсаг, тусч байж, хамт олныхоо дунд нэр хүндтэй нэгэн болж, компаний ажил ч цэцэглэж эхэллээ. Зөвхөн өөрийгөө юмны түрүүнд тавьж, хүссэн болгоноо авдаг, эцэг эхийнхээ түүний төлөө яаж зүтгэж байгааг эс ойлгон, тэгж байх ёстой мэт санадаг залуучууд болон удирдлаган дороо ажиллагсадтай дээрэнгүй харьцдаг залуучууд нийгэмд маань бага байгаасай. Ажлаасаа ирээд хоолоо идээд, ТВ үзэн тухлан суухаасаа өмнө гэр бүлийнхэндээ өдөр тутмых нь ажилд юугаар ч хамаагүй жаахан ч гэсэн тусалж, хамт суун ярилцаж, үр хүүхдүүддээ хүний хөдөлмөрийг үнэлж, урамшуулж, тусалж байхыг үлгэрлэн сургаж байгаарай.